Review: Заавал үзэх Зура II "Цурам ажиллагаа"

hi

Фантастик продакшны шинэ уран бүтээл "Цурам ажиллагаа" киноны нээлт өнгөрсөн баасан гарагт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тус кино 2022 оны есдүгээр сарын 10-аас бүр кино театруудаар гарч эхэлсэн бөгөөд мөн хөдөө орон нутгийн үзэгчид рүүгээ хүлгийн жолоо залсан юм. Тэгвэл тус киноны талаар кино шүүмжлэгчийн байр суурийг хүргэе.

 

Sukh-Erdene Ganbold- Заавал үзэх ёстой кино Зура II "Цурам ажиллагаа"

- 2022 он хойш гадаадын нэлээд хэдэн киног хүлээн байж үзсэн. Ихэнх нь л байдаг л нэг хэв маягаар өрнөж, онц гойд юмгүй дууссан санагдана. Хамгийн сайн нь Thor: Love and Thunder Харин Монгол уран бүтээлчид, Фантастик Продакшны кино Зура 2: Цурам ажиллагаа хүлээлтээс үнэхээр өндөр мэдрэмжийг өгч чадлаа. ТЭГМЭЭРСЭН-дээ л гэсэн мэдрэмжийг киноны турш авлаа. Тэгж их таалагдахад хүрсэн хэд хэдэн шалтгаан байна.

1. Дүрүүдийн сонголт ТӨГС ЗОХИЦОЛ байлаа. БНСУ-ын Outlaws кинон дээр гардаг хятад дээрэмчдийн дүрүүд шиг эсрэг талын дүрүүд үнэхээр ЗЭВҮҮН. Монгол жүжигчиддээ ч Б.Тамир найруулагч ямар дүр хуваарилахаа анддаггүй аж.

2. Хэлж буй САНАА НЬ өр зүрх урж байна. Яг л Монгол жирийн иргэд бидний мэддэг хэдий ч шийдэж чаддаггүй тэр асуудлуудыг хөндсөн. Бодит байдал ийм л байгааг киногоороо дэндүү сайн харуулсан. Төрийн тухай гарч байгаа нь үнэний хэдэн хувьтайг би тааж мэдэхгүй. Гэхдээ кинон дээр гарч буй улс эх оронд тулгарах асуудал 100% үнэн гэдгийг бид мэднэ.

3. ЗУРАГ АВАЛТ манай улсын кино урлагт нэг байтугай нэлээд хэдэн шат ахиулсан гэдгийг баттай хэлмээр байна. Зүрхний хилэн кинон дээр л Фантастикийн залуус хиймэл чоно хийж зураг авалт, компьютер графикийн шинэ шийдэл эрэлхийлж буй нь харагдаж байсан. Энэ удаад, ийм төрлийн кинон дээр ФАНТАСТИК зураг авалт хийж ээ

4. Дэлхийн хэмжээний цувралуудтай дүйцэхүйц УЯЛДАА холбоо. Би өмнө нь боддог байлаа. Монголчууд яагаад Марвелийн кинонууд шиг төгсгөлд нь гоё утга санаа илэрхийлсэн сцень гаргаж, дараагийн ангийнхаа хүлээлтийг тэнгэрт тултал өсгөж болдоггүй юм болоо гэж. Тэд тэгж чадлаа. Би дараагийн ангийг тэсэн ядан хүлээж эхэллээ. Үүнийг бичиж байгаа цагаас биш кино дууссан тэр мөчөөс хүлээлт эхэлсэн.

5. ТУЛААНы хэсгүүд жинхэнэ кино2 хх. Гадаадын шилдэг кинонуудаас эн зэрэгцэнэ үү гэхээс дутахааргүй байлаа

6. Үзэгчдийн АЛГА ТАШИЛТ сэтгэл хөдөлгөм байлаа. Танхим дүүрэн үзсэн хүмүүс бүгд төгсгөлд нь алга ташив. Тиймээ Фантастикийн бүх уран бүтээлчид, энэ киног хийхэд гар бие оролцсон бүхий л хүмүүс тэр халуун алга ташилтыг хүртэх эрхтэй байлаа. Хүлээж хүлээж үзсэн хүний сэтгэгдэл хувиар илэрхийл гэвэл би нүүр бардам 100% гэнэ. Алдаа оноо, дутагдалтай байсан л байх. Гэхдээ сайн талууд нь илүү байсан болохоор Монгол хүний улиг болсон шүүмжлэлт сэтгэлгээгээ түр хойш тавимаар байна гэжээ.

Movie review with Victor- Тэд өмнөхөөсөө хэд дахин сайжруулж чадсан Монголдоо сүпер бүтээл хийлээ!

За үзсэн... Юуны өмнө урилга өгч киноныхоо нээлтэнд урьж оролцуулсанд баярлалаа... Мөн энэ киног хамтдаа бүтээсэн Фантастикын уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе! Үнэхээр сэтгэл зүрхээрээ өөр хийе, хичээе, мэрийе гэсэн оролдлого шууд л харагдаж байсан. Ах нар ч хүчтэй юм. Корпорэйтийн гадаа улаан хивсний ёслолоо хийж сүр дуулиантай нээсэн. Кино багт байсан бүх л хүмүүсээ нэрийг дуудаж тайзан дээр гаргаж зогсоож хийсэн бүтээснээ гайхуулж өөрсдөөрөө бахархаж байгаа нь яалт ч үгүй урлагийн хүмүүсийн хамгийн торгон мэдрэмжийн нэг байх. Гоё харагдаж байна лээ... За кино руугаа оръё!

Фантастикын олон киног үзсэн. Үнэнийг хэлэхэд тэдний ихэнх кинонууд эхлэлээ маш сонирхолтой эхлүүлдэг ч өрнөл дутуу явсаар төгсгөлөө хүчгүй залхуу гурилдаад дуусгачихдаг юм шиг санагддаг юм. Тийм учраас танхимд ороод суухдаа л хүлээлтээ хамгийн бага дээр тавьж, биеэ бэлдээд суулаа. Кино маань эхлэхдээ үзэгчдийн сонирхол анхаарлыг тулгаж чадсан. Учир нь оршил хэсэгт бидэнтэй холбоотой зүйлс тэнд дурдагдаж, яг л нөгөө би “Hunt” дээр юмнаас нэг хоцрох гээд байгаа мэдрэмжийг хальт мэдэрсэн. Кино маань ерөнхийдөө “Hunt”-тай их төстэй. Төстэй гэсэн болохоос хуулсан гээгүй шүү. Киноны хийц өрнөл гэх юмуу... Угаасаа тагнуулын кино учраас мэдээж төстэй санагдсан байх. Би энэ кинонд ганц л юмыг сайн хэлж чадна. Тэд Монголын кино урлагийн цензурийг нэлээн дээш татчихлаа. Би лав өмнө нь хэзээ ч харж байгаагүй зураглал, action хэсгүүд, үзэгчдийн нүдийг хужирлах олон чимэг хэсгүүдтэй болон сайн жүжигчидээр зодсон тийм л бүтээл байсан. Үгүй нээрээ Монгол киног ингэж хийж болдог л юм байна гэж бодсон шүү... Зура1-ээсээ бүр хавь илүү шүү...

ЗУРАГЛАЛ, ӨНГӨ, ӨНЦӨГ: Солиоруулсөөн... Зураг авалтыг маш гоё хийсэн. Гадны оронд ч тэр дотоод ч тэр... Бараг ялгагдахгүй нэг тийм өнгөлөг. Бас тэр машинтай хөөцөлддөг хэсэг нтр дээр өмнө нь Монгол киноноос хэзээ ч харж байгаагүй камерын өнцгүүд харагдсан. Кино үздэг мань мэтэд бол иймэрхүү хэсгүүд бол зүгээр л тансаглал биз айн... Бас тэр зодоон байлдааны хэсгийг хүмүүсийн нүдийг огт өвтгөхгүйгээр харуулсан нь бээст...

ДАЙН БАЙЛДААН,ЗОДООНЫ ХЭСЭГ: Манайхан нэг байлдаж, зодолдохоор бол нэг их удааширч байгаа л хүн цохиод л нэг л эвсэлгүй харагдаад байдаг даа. Бас буудалцаан болохоор төсвөө хэмнээд ч юмуу нэг сайхан шүршэээд өгдөггүй тээ... Харин энд бол бүр огт өөр түвшинд ирсэн шүү. Ялангуяа тэр Ариунбямбын жүжиглэлт болон зодооны хэсгүүд бүр зүгээр л дэвшил. Бодит байдалд их ойртсон. Үзэхэд үнэхээр л урамтай байсан. Сайн ч бэлдсэн сайн ч амилуусан байна лээ. Бусад жүжигчид ч мөн ялгаагүй тун давгүй гүйцэтгэлтэй байсан. Мөн өмнө нь харж байгаагүй буу зэвсэг, тоноглол гээд нүд баясгах юм олон. Гэхдээ тэр сүүлийн байлдаантай хэсэг жоохон тийм байсан шүү... Манайхан л алаад байдаг нөгөөдүүл нь адилхан бэлтгэгдсэн тусгай албаныхан байж жоохон амархан өнкөрөөд өгөхөөр тиймэрхүү... Гэхдээ яахав дээ Холливудын алдартай кинонууд ч гэсэн суманд оногдохгүй нэг хүн бүгдийг нь лаагаад байхад манайхан яагаад багаараа лааж болохгүй гэж тээ... Иймэрхүү юм бол байх.

ЖҮЖИГЧИД БОЛОН ЭСРЭГ ДҮР: Иймэрхүү жанрын кинонд эсрэг дүр шууд холбоотой байдаг. Тийм дээ ч эсрэг дүрд бүр нэг зэвүүн бүр яг тохирсон нөхөр тоглуулчихжээ... Тэр байгаа байдал ярьж хэлж байгаа нь их тохирсон. Зорилго нь ч их дажгүй утга учиртай. Манайхан л их үзэн ядаад дуусна лээ... кк Мөн Барсаагийн хувирах чадвар үнэхээр сайн юмаа. Яг л цаанаа юу бодож төлөвлөж байгаа хэний дүрд гусаад байгаа нь таахад бэрх. Эсрэг дүр ч тэр манай талын дүрд ч тохируулж чаддаг авьяастай юмаа яалт ч үгүй. Мөн би түрүүн Ариунбямбыг дурссан. Бараг career high гусчиж байгаа юм бишүү... Фантастик бөөнөөрөө нэг кинодоо тоглоод байснаа бодвол энэ кинондоо 4-үүлээ л тоглосон нь их таалагдсан. Тэгээд нэмээд Доржсүрэн, Болд-Эрдэнэ 2 акулууд ороод ирэхээр дүрүүд чангараад явчихсан л даа. Бүр туслахын туслах дүрүүдэд Сувд гуай Төмөрбаатар гуай нар тоглосон байгаам. Тэгэхээр одоо тэгээд юугаа ярьхав дээ тээ...

ХӨГЖИМ, ДУУ ОРУУЛАЛТ: Дуу оруулалт эвлүүлэг дээр надад лав ерөөсөө алдаа харагдаагүй. Хятадууд нь Хятадаараа ярьж, Монголчууд нь Монголоороо ярьж байсан нь оносон. Мөн нөгөө улиг болсон хүчээр өрөвдүүлэх хэсэг байхгүй бол биш харин аятайхан цензурлээд маш багаар ойлгомжтой оруулсан. Түүнд бас таарсан ая мөн бусад зодоон нүдээн, дайн байлдааны хэсгүүдийн ая дэвсэлт үнэндээ л таалагдсан. Бүр яг тохируулаад авч байсан. Тэгээд нэг хэсгээс нөгөө хэсэг рүү орохдоо их аятайхан ухаалгаар...

ЗОХИОЛ, НАЙРУУЛГА: За юутай ч 2 цаг 30 минут уйдаахгүй Монгол кино үзнэ гэдэг бол найруулга сайн байгаатай шууд холбоотой. Мөн кино эхэлснээсээ хойш үзэгчдэд өгөх өнцгүүдээ маш хурдан2 сольж нэг хэсэг дээр хэт удаахгүйгээр үйл явдлаа сонирхолтой урагшлуулж байсан нь үзэгчид цаашаа юу болохыг төсөөлж амжихгүй киногоо дагаад явчихаж байгаа юм. Яг л Монгол киноноос энийг хүсдэг байсан даа... Дээрээс нь үйл явдлууд их эмх цэгцтэй. Backstory буюу өмнөх түүхийг бас их ойлгомжтой товч гаргаад ойлголт өгч байгаа нь таалагдсан. Өмнө нь бол бүр нэг нуршаад уйлаад суучихдаг байсан даа. Гэхдээ зарим нэг хэсгүүд дээр заавал дүрүүдээ ямар нэгэн байдлаар холбох гээд байгаа чинь жоохон таалагдаагүй шүү. Ямар Солонгос драма биш дээ тээ... кк Зохиолын хувьд их л зоригтой чанга дугарах гэж оролдсон юм байна лээ. Өмнө нь иймэрхүү зохиолтой юм үзэж харж байгаагүй болохоор бас л их сонин содон байсан. Юутай ч Монгол киноны зохиол, найруулга дээр би Монгол киног үргэлж шүүмжилж муулсаар ирсэн. Энэ удаад дунджаас дээш гэж дүгнэж байна. Юутай ч энэ залуус Монголын кино урлагийн нүүр царайг тахалж явна! Тэд өмнөхөөсөө хэд дахин сайжруулж чадсан Монголдоо сүпер бүтээл хийлээ! Тэдэнд халуун баяр хүргэе!!!

VICTOR'S NOTE: Кино үзэх гэж байгаа хүмүүстээ нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Кинонд гарч байгаа үйл явдал эсрэг талын дайсан бүгд хиймэл зохиомол гэдгийг сайн ойлгож үзээрэй гэж хүсэж байна. Хятад хүн болгон муу хүмүүс биш... Сайн ч байгаа муу ч байгаа... Ер нь Монголчууд бидний хамгийн том дайсан бид өөрсдөө шүү гэдгийг энэ киноноос ойлгож үзээсэй гэж хүсэж байна. Үзэгчид нээлтэн дээр кино үзэж байхад Хятадуудын урдаас нэг зоригтой юм хэлэхээр нь алга ташаад, Хятад хүн үхэхээр алга ташаад нэг тийм цаанасаа л үзэн ядаад байгаа мэдрэмж төрсөн шүү... Миний хувьд Хятад улсад баклаврын зэргээ эзэмшсэн учраас нэлээн л юм бодогдсон. Бид авах юмаа авна хаях юмаа хаях ёстой шүү... Бид удирдлагуудтай нь шатар нүүнэ үү гэхээс биш ард түмэнтэй нь хэрхэвч дайн зарлаж болохгүй шүү! Киногоо үзээд бүүр буруу огшоод бүүр үзэн ядаад явчихваа... Хятадууд бидний дайсан биш гэдгийг дахин хэлье! Би бол уран сайхны урлагийн бүтээл гэдэг талаас нь үзсэн шүү. Угаасаа дэлхий даяар өөр улс орнууд киногоор хүссэнээ хийдэг. Америкчууд Хойд Солонгос, Оростой байлддаг, бүр харь гарагийнхантай, 2 Солонгосын дайнтай хийсвэр асар олон кино бий... Ер нь кино урлагт уран сайханжуулаад яаж бол яаж ч хийж болдог. Тэгэхээр их ултай суурьтай киногоо ойлгож үзээсэй гэж хэлье!!!

Монгол Кино ПродюсерНЭР НЬ ХЭЗЭЭ Ч ҮЛ ДУРСАГДАХ ЦЭРЭГ ЭРС

(Зура 2 – "Цурам ажиллагаа" МУСК #КиноныШүүмж )

Монгол улсын тагнуулын болон сөрөг тагнуулын үйл ажиллагааны тухай онц сонирхолтой адал явдалт Монголын уран сайхны кино.

Энэхүү бүтээлээр Монгол кино урлаг нь яах аргагүй шинэ түвшинд гарч байгааг илэрхийлж байна. Өгч болох хамгийн дээд үнэлгээг, ялангуяа тулааны найруулага болон гүйцэтгэл дээр ийнхүү хамгийн өндрөөр үнэлэх нь зүй ёсны хэрэг юм.

Аливаа улс орны төрийн бодлогын тулгуур багана болох дээд зэргийн нууцлалтай, нэр нь хэзээ ч үл дурсагдах тагнуулчдын тухай бөгөөд манай хоёр хөрш орны дипломат харилцааны урт удаан түүхтэй ээдрээтэй бөгөөд маш эмзэг сэдвээр оролдох хир баргийн уран бүтээлчдийн зориг хүрэхгүй байсныг гүйцэтгэлийн маш өндөр чанартайгаар Fantastic Production хийж чадлаа.

Муулж өөлөх зүйл огтхон ч байхгүй ч дан ганц эдгээр бүтээлч залууст гэхээс илүүтэйгээр бусад киночдод анхааруулан захих цөөн хэдэн зүйл л байна, үүнд:

Дүрүүдийн сонголт тун чиг сайн хийгдэж, жүжигчдийнх нь онцлог дүр төрх нь тухайн дүрүүддээ илүү дутуугүйгээр сайхан наалдаж байна. Энэ дунд нэн чухал дүр болох Тагнуулын газрын даргын дүрийг хичээнгүйлэн амилуулсан Ш.Доржсүрэн нь бусдынхаа тоглотоос эрс ялгарч, нүүр харцны хувирал зэргээр хэт жүжиглэлт гаргасан нь шинэ үеийн Монгол кино урлаг нь “азийн хэт жүжиглэлт”-ээс зүй ёсоор татгалзан, баруунд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн “энгийн бодит илэрхийлэлтэй жүжиглэлт” рүү эргэж буцалтгүй шилжиж байгаагийн тод илэрхийлэл юм.

Киноны зураачдын багийн гүйцэтгэл нь олон улсын түвшинд хүрч ажилладаг болсон нь үнэхээр магтууштай байна. Зураг авалтын объектуудын сонголт, тэдгээрийн өнгө төрх болон гэрлийн тавилт нь зураглаачдын ур чадварыг дэмжсэн маш чухал хоршлыг бий болгожээ. 1980-аад оны Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн дүрэмт хувцасны ялгах өнгийг зөрүүлсэн нь түүхэн судалгааны дутуугийнх биш, гагцхүү тусгайлан шинээр хийлгэхийн орон “бэлэн хувцас хэрэглэл” ашиглаж, төсөв хэмнэсэн шийдэл байсан болов уу? хэмээн битүүхэн найдаж байна.

Энэ бүтээлийн хамгийн гол чимэг болох урьд өмнө ийм өндөр түвшинд хийгдэж байгаагүй Улаанбаатарын томоохон гудамжуудаар давхиж буй автомашины хөөцөлдөөн ба байлдааны бодит зэвсэгтэй ба гардан тулаант хэсгийн найруулага болон жүжигчдийн гүйцэтгэл нь яах аргагүй олон улсын өндөр түвшинд хийгдсэн байгаа нь Hollywood-ын бүтээлүүдэд олонтаа оролцож, мэргэшсэн MONGOL STUNT багийн гишүүдийн ач гавъяа гэж дүгнэж байна. Цаашид зураглалын чимхлүүр хэсгүүд дээр нь илүү нарийн ажиллах дээр анхаарах л үлдлээ.

Энэ дашрамд барилга доторхи буудалцаан нь маш сайн гүйцэтгэгдсэн гэдгийг тусгайлан онцлох нь зүйтэй. Ялангуя, бууны сум нь дуусахад дайзыг самбаачлан сольж байгаа үйлдэл нь үзэгчдийн таашалд хэрхэн хүрч байгааг тэдний алга ташилтаар бүрэн илтгэгдэж байлаа. Жүжигчид маань тусгай хүчний бүрэлдэхүүний бодит дасгалжуулагчдын удирдлага доор сургалтанд хамрагдсан нь нэвт шувт “үнэртэж” байгаа ч өндөр мэргэжлийнхэн зүүн булан дамнуулан буудах үед зэвсгээ шилжүүлэн солгой гараас буудах ёстой гэх зэргийн бичил алдаанууд дээр цаашид илүү анхаарна бизээ.

Монгол киног тахал мэт эндэгдүүлж буй “нярайн өвчин” болох кино зохиолын дутуу хөгжүүлэлт нь маш сайн гүйцэтгэлтэй, туйлын сонирхолтой, үзэгчдийн анхаарлыг онцгойлон татах онц чухал сэдэвтэй энэхүү бүтээлийг ч тойрч гарсангүй. Адал явдалт киноны амжилтын тулгуур болох үйл явдлын сүйрэл уналт ба түүнээс хойших сэхэн босч ирэх шалгарсан бүтэц энд үгүйлэгдэж байна.

Үйл явдлын үндсэн өрнөл нь огтхон ч нойр хүргэхээргүй сонирхолтой үргэлжилсээр байгаа хэдий ч “хэрхэвч алдаж болохгүй ялалт ялагдлын үнэ цэнийг” үзэгчдэд хүргэх үелзэл хэмнэл нь тогтворгүйгээс улбайлан, киноны төгсгөл дээр хэт их ачааллыг овооруулжээ. Гэтэл, үүнээс зайлсхийх хэдийнэ шалгарсан бэлэн аргачлал бол киноны үйл явдлын нийт өрнөлийг тодорхой үелзэлтэйгээр хуваан, үе тус бүрийг нь “кинон доторхи кино” мэтээр өөрийн бүтэцтэй болгож, үзэгчдийн анхаарлыг тогтмол өндөрт барихаас гадна, дүрүүдэд тохиолдож буй саад тотгор бүрт үзэгчид нь дүрүүдтэйгээ зэрэгцэн амьсгаа даран догдлуулах боломжийг бүрэн ашиглах тал дээр бага зэрэг дутмаг байлаа.

Дүр хөгжүүлэлтийн хувьд үзэгчдэд өгөөш мэт хаяж буй мэдээлэл нь таамаг дэвшүүлэхэд хүргэж, тэр нь бүрэн гүйцэлдэж байгаа нь мөн л чухал дутагдал байна. Онц сонирхолтой киноны нэгэн чухал шинж чанар бол уг төрүүлж буй таамгаар нь тусгайлан “наадах” явдал билээ. Үүнд, зориудаар төөрөгдүүлэх төсөөллөөс эсргээр нь үйл явдлыг эргүүлэн, гэнтийн бэлэг барьснаар үзэгчдийг алмайруулдаг шүү дээ.

Киноны үг хэллэгийн хувьд үзэгч бүрийн эх оронч сэтгэлийг нь бадраах увидистай, сүүлийн хэдэн жилд огт хийгдэж байгаагүй хосгүй сайхан бүтээл болсныг дахин онцлох нь зүйтэй. Гэвч, “кино урлаг нь соён гэгээрүүлэх эрхэм үүрэгтэй” хэмээн хувьдаа үздэг тул хараалын үгийг илт оруулсан байдал болон дүрүүдийн үзэл бодол нь төдийлөн төгс хэмжээнд хараахан дэлгэж амжсангүй хэмээн дүгнэхэд хүрэв. Өнөөгийн нийгэмд өрнөж буй нөхцөл байдлын талаарх зохиолч, найруулагч, продюсер зэргийн тэргүүлэх уран бүтээлчид өөрсдийн үзэл бодлоо энэ далимыг ашиглан илүү хүргэх боломжийг дутуу ашигласан нь харамсалтай байна.

Эцэст нь дүгнэвэл Fantastic Production –ы ээлжит уран бүтээл нь уламжлал ёсоор цахиур хагалан, кино урлаг болон бизнесийн оройн дээд амжилтыг дахин үзүүлэх гайхамшигтай сайн болсныг гэрчилж байна. Маркетингийн кампанит үйл ажиллагааны явцад уг бүтээл дотроос сор болох агшин бөгөөд “үе үеээр ам дамжин хэлэгдэх хэлц үгс”-ийг сайтар ашиглан үзэгчдийн дахин дахин үзэх дуртай нэгэн шилдэг бүтээлийг аль болохоор олон үзэгчдэд хүргэх ерөөлийг дэвшүүлэх дашрамд Монгол кино урлагийг манлайлан, илүү сайн амжилт руу бусдыгаа уриалан дагуулж буй эдгээр залуустаа чин сэтгэлийн талархалаа илэрхийлье гэсэн байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6