С.Эрдэнэ: Хөгжлийн банкнаас найман тэрбум төгрөг зээлсэн нь Дархан гурил тэжээл компанийн өөрсдийн дотоод асуудал
hi
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Дарханы гурил тэжээлийн элеваторын асуудлаар АН-ын дарга С.Эрдэнээс мэдээлэл авав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: С.Эрдэнэ таныг Дарханы гурил тэжээлийн элеватортай холбоотой асуудлаар Эрүүгийн хэргээр шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна энэ үнэн үү?
С.Эрдэнэ: Ямар үндэслэлээр намайг шалгаж, холбогдуулж сонсголд дуудсаныг ойлгоогүй. Молор констракшн ХХК Хөгжлийн банкнаас ямар нэгэн зээл авч байсан түүх байхгүй юм байна лээ. Энэ асуудлаар дуудагдсан учир ирэхээсээ өмнө судалсан. Дарханы гурил тэжээл компанитай Молор констракшн ХХК хувьцаа борлуулсан орлогоос 530 саяыг шилжүүлсэн юм байна лээ. Тэрнээс биш Хөгжлийн банктай холбоотой ямар нэгэн асуудал болоогүй.
Молор констракшн ХХК-ийн захирал Бадамцэцэг миний ээж биш. Манай ээжийн дүү. Андуурсан юм шиг байна. Дарханы гурил тэжээлийн элеваторын асуудлыг сонсож байхад шинжээчдийн дүн ташаа мэдээлэл байна. Он жил өнгөрөх тусам шинжээчдийн дүгнэлтийг гуйвуулдаг, мушгидаг эсвэл өмнөх мэдээллээ устгачихдаг юм уу яадаг юм. Хөгжлийн банкнаас 8 тэрбум төгрөг зээлсэн нь Дархан гурил тэжээл компанийн өөрсдийн дотоод асуудал.
Яагаад Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаа тухайн компани хариулах байх.
Миний хувьд Молор констракшн ХХК хувьцаа эзэмшигч биш. Хамааруулж дуудсан учир хүндэтгээд ирээд сууж байна. Дарханы гурил тэжээлийн элеваторын асуудлаар АТГ-аас намайг хамааруулж шалгаж байсан. Тухайн үед ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан төсвийн хуулийг өөрчлөөд худалдан авах тендер болгон өөрчлөөд тендер зарлаад явж байхад хянал тавих ёстой яамдууд тухайлбал Сангийн яам юу хийж явсан нь ойлгомжгүй байдаг. Ч.Улаан гарын үсэгтэй ганц бичиг байдаг.
Нэг яамны сайд дур мэдэн хууль зөрчөөд яваад байдаг юм. Төсвийн хууль зөрчсөн асуудлаар яагаад шинжээч үг хэлэхгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл дотор С.Эрдэнэ 20 хувь эзэмшиж байна гэсэн мэдээлэл байна. Үүсгэн байгуулагч дотор таны нэр байна. Эцсийн эзэмшигч таны ээж мөн үү?
С.Эрдэнэ: Үүсгэн байгуулахад оролцож байсан. Тэрнээс биш хувьцаа эзэмшигч байгаагүй, одоо ч байхгүй. Улсын бүртгэлээс ямар үндэслэлээр 20 хувь эзэмшигч гэж гаргаж ирснийг мэдэхгүй байна. Молор констракшн хувьцаат компани биш ХХК тийм учраас хувьцаа байхгүй.