
Улс хоорондын ачаа зөвшөөрөл буюу С зөвшөөрлийг АТҮТ-өөс олгодог байсан бол Засгийн газрын 362-аар тогтоол хэрэгжсэнээр ЭТТ, Энержи Ресурс, Орон нутгийн өмчит Тавантолгой хувьцаат компани олгох болсон.
Үүнээс хойш С зөвшөөрлийн үнийг хэд дахин нугалан олгож байна гэх мэдээллийг тээврийн компаниуд болон, жолоочид ярих болсон. Уг асуудлаар ЭТТ хувьцаат компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуугаас тодрууллаа.
-Олон улсын ачаа тээврийн хичнээн С зөвшөөрөл батлагдсан вэ? Үүний хэдэн хувийг нь Эрдэнэс Тавантолгой ХК олгож байгаа талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу.
-“БНХАУ, Монгол улсын хэлэлцээрийн дагуу 7200 С зөвшөөрөл солилцож ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Үүний 60 хувь буюу 4680 зөвшөөрлийг ЭТТ компани худалдан авагчдадаа нүүрс тээвэрлэхэд нь зориулж олгогдож байгаа.
Яг энэ 4680-аас 2023 оны нэгдүгээр улиралд авто тээврийн нэгдсэн системд буюу АТҮТ-ийн хэрэглэдэг мэдээллийн системээр хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүдэд хувь тэнцүүлээд хэн нэгэнд нь давуу байдал олгохгүйгээр хуваарилсан. Одоо үүсээд байгаа нэг асуудал нь уурхайнууд “С” бичиг хуваарилдаг болсноос хойш “хэн нэгэн жолооч ажилгүй боллоо. Хэн нэгэн этгээдийн эрх ашиг зөрчигдлөө” гэх яриа маш их байна.
Гэвч бүх цаг хугацаанд “С” бичгийн тоо хязгаартай байсан. Өнгөрсөн жил 6000 байсан энэ жил бол 7200 болсон байна. Нүүрс тээвэртэй холбоотой автомашины тоо тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн тоо зах зээл дээр байх ёстой бодит хэмжээнээс хэтэрсэн байна. Ойролцоогоор 22 мянга гаруй машин үйл ажиллагаа явуулж байна гэж АТҮТ-ийн системд бүртгэгдсэн байдаг. Нэгдүгээр улиралд нийтдээ 10300 орчим тээврийн хэрэгсэл дээр зөвшөөрлийн бичиг авъя гэдэг хүсэлтийг аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн. Бид “С” бичиг олгохдоо хоёр л дүрэм баримталсан.
- Нэгдүгээрт тухайн үеийн журмын дагуу битүүмжилсэн баг буюу энэ багт орсон байх ёстой.
- Хоёрдугаарт Тээврийн нэгдсэн системээр хүсэлтээ гаргасан байх ёстой. Хүсэлтээ гаргахын тулд тухайн компани татвар хураамжийн өргүй байх ёстой. Автомашин нь тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орсон, жолооч нь мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой гэсэн ийм шалгуурыг хангаж байж хүсэлт гаргадаг.
Ингээд хоёр шаардлагыг зэрэг хангаж байгаа 7000 гаруй тохиолдол байсан. Үүнээс нийт хүсэлт гаргасан этгээдүүдийн 38 хувьд нь олгосон. Энэ бол 100 компанийн 38 компанид олгосон гэсэн үг биш. Нэг компани 100 машинаар хүсэлт гаргасан бол 38 машинд нь зөвшөөрөл гаргасан гэсэн үг. Харин 10 машинаар хүсэлт гаргасан бол 3.8 буюу багаас нь бүхэл хэсгийг нь тэгшитгэх байдлаар тооцож зөвшөөрөл олгосон. Ямар компани хэдэн хүсэлт гаргаад хэдэн зөвшөөрөл авсан бэ гэдэг энэ бүх мэдээллийг ETT.MN веб сайтаас харах боломжтой. Дараа хоёр сарын 15-ны үед мөн 50 хувьд нь зөвшөөрөл олгосон. Хэн нэгэнд нууцаар зөвшөөрлийн бичиг өгсөн асуудал байхгүй.
Си зөв
Магадгүй өнгөрсөн хугацаанд энэ зөвшөөрлийн бичигтэй холбоотой маш их авлига байсан байна. Улс төрийн нэр бүхий этгээдүүд авлига өгч байсныг нь одоо шалгаж байгаа асуудлууд ч байна. Магадгүй тэрийгээ санагалзаад байгаа байх Хэн нэгнээр нөлөөлүүлээд илүү зөвшөөрлийн бичиг авна гэж бодож байгаа бол тийм зүйл огт байхгүй. Одоо "С" зөвшөөрөл тараагдаж байгаа зүйл байхгүй. Уурхайнуудад зөвшөөрөл ирснээр хүн ажилгүй болсон зүйл байхгүй. Мөн 60/25/15 гэдэг хуваарилалтыг эргэж харах ёстой юм байна. Нэгдүгээр улирлын хуваарилалт дээр Энержи Ресурс, орон нутгийн таван толгой нүүрсний экспорт нь бага гэтэл тэндээс зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд зөөх нүүрс нь бага.Тавантолгой компани 4000 гаруй “С” бичиг аж ахуй нэгжүүдэд олгосон гэвч гаргах нүүрс нь их байна. Цагаан хад орчимд хуримтлагдсан нүүрс их байна. Ингээд ирэхээр богинын тээвэрлэлтийн үнэ дээр зөрүү үүссэн байна. ЭТТ компанийн нүүрсийг нэг тонныг нь 500 юанаар зөөсөн байна. Гэтэл Энержи ресурс орон нутгийн тавантолгойн нүүрсийг зөөж буй аж ахуй нэгжүүд 200 орчим юанаар л зөөж байна.
- Битүүмжилсэн баг буюу "бөмбөлөгт" орохын тулд компаниуд, жолооч нар багагүй мөнгө өгч, хугацаа алддаг талаар олон гомдол манай редакцид ирж байсан. Энэ асуудал дээр тайлбар өгөөч.
Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн төрийн байгууллагаас янз бүрийн зөвшөөрөл авдаг. Нэг төрийн байгууллагынх нь гарахад нөгөө төрийн байгууллага нь гардаггүй. Ийм маягаар шахан боогдуулдаг байсан байна. Битүүмжилсэн багт орохын тулд зургаан сар хүлээсэн, өндөр шаардлагуудыг нь давахын тулд өчнөөн сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн кэмп байгуулсан. Бараг кемп байгуулах зөвшөөрлийг нь олгохдоо жолооч нь хумс нь хиртэй байна гэж хүртэл татгалзаж байсан ийм тохиолдлуудыг аж ахуй нэгжүүд хэлж байна. Арай гэж нэг битүүмжилсэн багт ортол “С” бичиг нь байхгүй гэтэл “С” байхгүй нөхдүүдийг хуваарьт нь оруулдаг байсан учраас л “С” зөвшөөрлийг ямар нэгэн аргаар авахын тулд улайрсан ийм нөхцөл байдал үүсдэг байсан байна.