Г.Занданшатар: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой
hi

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотод өнөөдөр (2022.10.27) эхэлсэн “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. Манай улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гВт-аар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутагт оршдог. Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна гэв.
Тэрбээр Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж ирснийг дурдаад, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Их Хурал байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цаасны хэрэглээгээ танаж, хууль тогтоох үйл ажиллагааг “D-parliament” цахим системд шилжүүлж байгаа талаар танилцууллаа.