М. Учрал


Махны үйлдвэртэй холбоотой асуудлаар тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно

hi

Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудалтай холбоотойгоор тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон тухай Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр "Үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, хяналт шалгалтаа хийгээгүйтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар(НМХГ), Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ын хариуцлагатай зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сэлгэх, хариуцлага тооцох, цаашилбал хуулийн байгууллагад шилжүүлэх ажлууд хийгдэнэ" гэв. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: "Манайтай холбоотой ажил үүрэгдээ хариуцлагагүй хандсан, хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Ялангуяа Улаанбаатар хотын Эмээлт, Налайх дүүрэгт байрлах мах нядалгааны үйлдвэр, Нийслэл рүү нэвтэрч байгаа малын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих үүрэгтэй Нийслэлийн мал эмнэлгийн газар байгаа.

Үүнд бүх шатны хариуцлага тооцно. Мөн экспортод гарч байгаа мах, махан бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ гаргах, магадлагаа өгөх эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцно" гэлээ.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудлаар манай дотоод хяналт шалгалт хийсэн. Ингэхэд тухайн объект дээр хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагчийг хяналт шалгалтын дүнгээрээ хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн. Иймд төрийн албаны болон Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Гурван байцаагчийг ажлаас нь хална, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн тул хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн Шадар сайдын хэлсэнчлэн НМХГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно" гэв. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2