Т.Даваасамбуу


Шри-Ланк шатахуун худалдаж авах ч төсөвгүй болжээ

hi

    Шри-Ланкийн шинэ Ерөнхий сайд даваа гарагт хямралд нэрвэгдсэн тус улс бензиний нөөцгүй болж буй тухай мэдэгдээд шатахууны урт дараалалд нэгдэхгүй байхыг иргэдээсээ хүсжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайдаар томилогдсон Ранил Викремесингхе ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тус улсад зайлшгүй шаардлагатай импортын барааг төлөхөд 75 сая ам.долларын валют хэрэгтэй гэж мэдэгдэээд "Одоогоор ганцхан өдрийн шатахууны нөөцтэй байна. Ирэх хоёр сар бидний амьдралын хамгийн хэцүү үе байх болно" гэжээ. Тус улсын Ерөнхийлөгч жагсагчдыг тайвшруулахын тулд өмнөх Ерөнхий сайд Махинда Ражапаксаг сөрөг хүчний парламентын гишүүн Викремесингхегээр сольсон юм. Гэвч жагсагчид Готабая Ражапакса Ерөнхийлөгч хэвээр байгаа цагт эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Шри-Ланкийн иргэд мөн Викремесингег худалч хэмээн цоллоод буй. Худалдааны нийслэл Коломбо хотод шатахуун түгээх станцуудад автомашины урт дараалал үүсээд байгаа ажээ. Тус хотын иргэн Мохаммад Али “Би зургаан цаг гаруй дараалалд зогсож байна. Бензин авахын тулд 6-7 цагийг дараалалд өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болсон. Би 7.00 цагаас хойш энд байгаа бөгөөд одоо болтол түлш байгаа эсэх нь тодорхойгүй байна" хэмээн ярьжээ. КОВИД-19, нефтийн үнийн өсөлт, Ражапаксасын популист амлалт зэргээс үүдэж тус улс 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш анх удаа урьд өмнө байгаагүй хямралд өртөөд байна. Энэтхэгийн зээлийн шугамаар ням гарагт дизель түлш тус улсад ирсэн боловч арал даяар тараагаагүй байна. Викрмесингхэ мөн тус улсад маш их хэрэгтэй байгаа санхүүгийн тусламжийн талаар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийх чухал албан тушаалтнуудыг хараахан зарлаагүй байна. Үнийн өсөлт, хомсдлыг эсэргүүцсэн жагсаал дөрөвдүгээр сарын эхээр нийслэл Коломбо хотод өрнөж, орон даяар үргэлжилсэн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 2021 оны сүүлчээс эхлэн өсөж эхэлсэн бөгөөд хүмүүс хүнсэндээ жилийн өмнөхөөс 30 хувиар илүүг төлж байгаа аж. Мөн шатахууны хомсдол газар авч, цахилгаан тасарч, эм тарианы хомсдол үүссэн нь эрүүл мэндийн салбарыг сүйрлийн ирмэгт хүргээд байгаа юм.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0