Гүрвэлийн цуснаас антибиотик гаргаж авлаа

.

   Америкийн биохимичид Индонезийн Комодо арал дээр амьдардаг хонин гүрвэлийн цуснаас шархны эдгэрэлтийг хурдасгадаг антибиотик гарган авч чаджээ. Энэ төрлийн гүрвэл нь дэлхий дээр одоо байгаа гүрвэлүүдээс хамгийн том нь бөгөөд түүнийг "Комод арлын луу" гэж нэрлэх нь бий. Энэ төрлийн зарим  гүрвэлийн биеийн урт гурван  метрт хүрдэг бол 80 гаруй кг жин татдаг байна. Аварга том хонин гүрвэл нь устан мөхөж буй төрөл зүйлийн амьтан учраас Жорж Мейсоны их сургуулийн эрдэмтэд Флорида мужийн  амьтны хүрээлэнд байгаа гүрвэлээс цусыг нь авчээ.

   Уг хонин гүрвэлийн цуснаас гаргаж авсан бодис нь нянгийн халдварыг устгах үйлчилгээ маш сайтай болох нь тогтоогджээ. Эрдэмтэн Моника Хайк, Барни Бишоп нар уг бодистой төстэй бодисыг лабораторийн нөхцөлд гарган авч, түүнийгээ “DRGN-1” гэж нэрлэжээ.  Хулгана дээр туршиж үзэхэд уг бодис ил шархны анилт эдгэрэлтийг хавьгүй илүү хурдасгаж байгаа төдийгүй грамо сөрөг болон грамо эерэг нянг устгадаг, мөн нянгийн мембраныг уусгадаг нь болохыг тогтоожээ. Уг судалгааны ажлын үр дүнг Америкийн цэргийнхэн сонирхож эхэлсэн бөгөөд  Цэргийн аюулыг бууруулах агентлагаар (Defence Thereat Reduction Agency) дамжуулан уг төслийг санхүүжүүлжээ. Эрдэмтэд судалгаандаа зэрлэг аварга хонин гүрвэлийн цусыг авч ашиглахыг илүүд үзэж байгаа аж. Учир нь зэрлэг гүрвэлийн цус найрлагын хувьд амьтны хүрээлэнд байдаг гүрвэлийнхээс өөр байж магадгүй гэж үзэж байгаа юм.

   "Зэрлэг аварга гүрвэлийн биеийн дархлаа нь илүү хүчтэй байж ч мэднэ, бид зэрлэг аварга гүрвэлийн цусыг авахаас татгалзахгүй, гэхдээ биоэтикийн хэм хэмжээг баримтлан авсан нөхцөлд шүү” хэмээн Барни Бишоп ярьжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0