Т.Даваасамбуу


Өвөр монголд онлайн идэвхтнүүд хоригдох, гэрийн хорионд орох, сураггүй болох тохиолдол эрс өсчээ

hi

      БНХАУ-ын эрх баригчдын дунд боловсролын хичээлийг монгол хэлээр бус мандирин орохыг шаардсан хуулийг эсэргүүцсэн жагсаалын үеэр есөн хүн амиа алдаж, олон мянган хүн баривчлагдсан талаар Нью Йорк хотод байрладаг Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ."Сургуулиудыг бойкотлох үйл ажиллагаа гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд Хятадын Засгийн газар бүс нутгийг бүхэлд нь цэрэгжсэн бүс болгож байна" гэж Өвөр монголын Хүний эрхийн мэдээллийн төв (SMHRIC) вэбсайтдаа мэдэгдэл хийсэн байна. Монгол хэлээр боловсрол эзэмшиж байсан сургуулиудад хятад хэлийг зайлшгүй ашиглах ёстой гэсэн бодлогыг эсэргүүцэж, Өвөрмонгол даяар 300 гаруй мянган оюутан хичээлдээ явалгүй сургуулиа бойкотлоод байгаа юм. Хятадын эрх баригчид энэ алхамыг "хоёр хэлний боловсрол" руу чиглэсэн гэж мэдэгдэж байгаа боловч монгол угсаатнууд өөрсдийн соёл, өв уламжлалыг таслахад чиглэсэн соёлын геноцидын нэг хэлбэр гэж үзэж байгаа юм.

Японд төвтэй угсаатны монголчуудын бүлгэмийн тэргүүн Хубис Өвөрмонголын Чифэн хотод цагдаа нар дор хаяж 12 малчин, нийгэмлэгийн гишүүнийг баривчилсан гэв. SMHRIC-ийн мэдээлж байгаагаар жагсаал зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй зохиолч, малчин, онлайн идэвхтнүүдийг дур мэдэн баривчлах, албадан гэрийн хорионд байлгах, сураггүй алга болох зэрэг тохиолдол эрс өссөн байна.

Зүүн Үзэмчинд гурван багш, таван албан тушаалтныг хүүхдүүдээ сургуульд хамруулаагүй эсвэл хэлний бодлогыг өөрөөр эсэргүүцсэн хэргээр сүүлийн өдрүүдэд ажлаас нь түдгэлзүүлжээ. Шилийн гол аймагт амьдардаг 38 настай эмэгтэй “Монголчууд хоорондоо харилцахдаа ашигладаг “We chat” аппликейшн, монгол хэл дээрх цахим сайт “Bainu”-г хүртэл хаасан. Түүчлэн намын гишүүн болон төрийн албан хаагчдыг хүүхдээ сургуульд нь явуулахгүй бол ажлаас хална гэж сүрдүүлсэн. Монголчууд эцсээ хүртэл тэмцэх болно” гэлээ. Мөн Өвөрмонголын зүүн хэсэгт орших Тунляо мужийн зарим дүүрэгт эсэргүүцэлд өдөөн турхирсан шалтгаанаар эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Иргэдийн эсэргүүцлийн жагсаал хүчээ авсан тул Өвөрмонголын эрх баригчид уран зохиол, улс төр, түүхийн хичээл зөвхөн гурван жил мандарин хэлээр орно хэмээн эцэг эхчүүдийг тайвшруулахыг оролдож байна. “Бусад хичээл монгол хэлээрээ орох тул хоёр хэлний боловсролын систем өөрчлөгдөөгүй” гэж мужийн Засгийн газар мэдэгджээ. Гэсэн ч монголчууд аажимдаа бүх хичээлийг мандарин хэлээр ордог болгохвий хэмээн айж байна. Учир нь Шинжаан мужид 2018 оны есдүгээр сараас эхлэн бага болон дунд сургуульд бүх хичээлийг мандарин хэлээр зааж эхэлсэн юм.

Хаха 3 1 Таалагдсан 4 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0