Борооны ус хуримтлуулж, ашиглаж буй улс орнууд

.

НҮБ-ын Дэлхийн усны хөгжлийн тайланд усны хэрэглээ жилд нэг хувиар нэмэгдэж, дэлхий даяар хоёр тэрбум хүн усны хомсдолтой орнуудад амьдарч байгаа талаар онцолжээ. Ялангуяа Африк тивд нөхцөл байдал хамгийн муу байгаа аж. Дэлхийн хамгийн ядуу буурай гэгддэг Африк тивийн хүн ам 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 2.5 тэрбум хүрэх урьдчилсан тооцоотой байна. Мөн нийт иргэдийн 59 хувь нь хот, суурин газарт амьдрах юм байна. Ингэснээр хүн амын хүнсний хэрэглээг хангахад хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний ус шаардагдах төдийгүй ахуйн хэрэглээний усны хэмжээ огцом өсөх ажээ. Тиймээс Африк тивд дэд бүтцийг сайжруулахад доод тал нь 130 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Африкийн Хөгжлийн банк судалгаандаа дурдсан байна. Үүнээс гадна дотооддоо зөрчил тэмцэлтэй байгаа орнуудад 180 сая хүн ундны усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Зөвхөн Йемень Улсад л гэхэд  15 сая хүн ундны усны дутагдалд ороод байгаа бол Сири Улсад 6.4 сая хүүхэд, есөн сая гаруй хүн цэвэр усны хомсдолд ороод байгаа ажээ. Нигерийн зүүн хойд нутгийн зөрчилтэй бүс нутагт цэвэр усны нөөц, ус дамжуулах байгууламжийн 75 хувь нь гэмтэж, эвдэрч сүйдсэн тул 3.6 сая хүн ам цэвэр усны үйлчилгээ авч чадахаа больжээ. Ямартай ч уг асуудлыг шийдэхийн тулд дэлхийн улс орнууд олон арга хэрэглэж буйн нэг нь борооны усыг хуримтлуулж ашиглах болон бохир усыг дахин боловсруулан ашиглах юм. Тиймээс НҮБ болон бусад олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудыг борооны усыг хэрэглээндээ ашиглахыг уриалах болжээ. Ингээд борооны усыг хуримтлуулж, ашигладаг дэлхийн улс орнуудын жишээнээс хүргэж байна.

Бразил

Бразил Улс нь дэлхийн нийт цэвэр усны 18 орчим хувийг эзэмшдэг ч тус улсын томоохон хотуудын 28 орчим хувь нь цэвэр усны дутагдалтай байдаг аж. Түүнчлэн тус улсын 18 сая гаруй иргэн цэвэр усны дутагдалтай бүс нутагт амьдардаг гэсэн судалгаа байна. Бразилд жилд ордог хур тунадасны хэмжээ харьцангуй тогтворгүй. Тухайлбал, зарим жил ердөө 185 мм хур тунадас ордог бол зарим жилдээ 974 мм  хүртэлх хур тунадас ордог байна. Тиймээс тус улс 2003 онд Засгийн газрын санхүүжилтээр “One Million Cisterns” төсөл хэрэгжүүлж, хур тунадас арвин орсон улиралд хуримтлуулсан борооны усаа хур тунадас багатай улиралдаа ашиглах болжээ. Тус улсын санаачлан хэрэгжүүлж буй уг үр ашигтай систем нь ердөө л ус зайлуулах хоолой, 16 мянган литрийн багтаамжтай сав, гар шахуурга, ус цэвэршүүлэх системээс бүрддэг аж. Одоогийн байдлаар тус улсын томоохон хотуудад 578.336 орчим хамгийн багадаа 16 мянган литрийн багтаамж бүхий борооны ус хадгалах сав байрлаж байгаа бөгөөд шууд ахуйн хэрэглээнд хэрэглэдэг байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд томоохон хотуудад нь баригдаж буй барилгуудын олонх нь борооны ус хураах системээр тоноглогдсон байна.

Сингапур

Бага газар нутагтай, их хүн амтай орны хувьд цэвэр усны дутагдал бол хамгийн том тулгамдаж буй асуудал. 1977 онд Сингапурын Засгийн газраас 10 жилийн хугацаатай “их цэвэрлэгээ” хийх хөтөлбөр зарласан байдаг. Хөтөлбөрийн хүрээнд бохирдол үүсгэгч, үйлдвэрүүдийг хааж, 260 мянга гаруй айл өрхийг орон сууцлуулж байсан юм. Түүнчлэн борооны ус хуримтлуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс 800 мянган км ус зайлуулах суваг, хоолой байрлуулжээ. Энэ нь тус улсын үерт автах нөхцлийг 98 хувиар бууруулахаас гадна борооны усаар ард иргэдийнхээ ахуйн хэрэглээг хангах гол нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Үүнээс гадна тус улс нийт газар тариалангийн талбайныхаа талаас илүү хувийг борооны усаар усалдаг бараг дэлхийн цорын ганц орон.

БНХАУ

Хятад Улс нь дэлхийд хүн амаараа тэргүүлдэг ч дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө долоохон хувийг эзэмшдэг. Түүнчлэн газар тариалангийн салбарт дэлхийд тэргүүлдэг тус улсын хувьд усалгаа хамгийн чухал нь байдаг. Тийм ч учраас тус улсын Засгийн газар Шар болон Янгзе зэрэг томоохон голоос ус татаж, газар тариалангийн бүс нутгаа усалдаг. Гэхдээ энэ нь тийм ч үр дүнтэй бус. Учир нь голын голдрилыг өөрчлөх нь олон сөрөг үр дагавар дагуулдаг байна. 1990-ээд оны үеэс БНХАУ-ын Засгийн газар бүс нутгийн усны менежментэд тусгайлан анхаарал хандуулах болсон. Түүнчлэн 1995 онд Ганьсү мужид ихээхэн ган болсны дараагаас “121-Project” хэмээх төсөл хэрэгжүүлж, тариалангийн талбай бүр хамгийн багадаа хоёр борооны ус нөөцлүүр байх ёстой гэсэн журам баталсан байдаг. Одоогоор зөвхөн Ганьсү мужид л гэхэд 1.3 сая хүн борооны усны үр шимийг хүртдэг гэсэн тоо бий.

ХБНГУ

Герман бол борооны усыг ахуйн хэрэглээндээ хамгийн өргөнөөр ашигладаг улс. Тус улсын бараг байшин барилга бүрт тухайлбал, үйлдвэр, хувийн орон сууцанд хүртэл борооны ус нөөцлүүр байдаг аж. 1989-1999 оны хооронд тус улсын Засгийн газраас 100 мянга гаруй борооны ус нөөцлөх сав байрлуулсан гэх тоо байдаг. Тус улсад борооны усыг ахуйн хэрэглээнд цэвэрлэж, хэрэглэхээс гадна шууд нөөцлүүрээс татаж, машин угаах болон ОО-д ашигладаг байна. Түүнчлэн тус улсын Засгийн газрын зүгээс борооны ус хуримтлуулах ажилд ихээхэн ач холбогдол өгч, жил бүр шинэчлэн, засварлах ажлыг хийдэг. Үүний хамгийн тод жишээ нь Берлин хотод сүүлийн жилүүдэд баригдаж буй барилгууд юм. Барилгуудын олонх нь дээрээ борооны ус зайлуулах 2550 куб метр бүхий гурван танк байрладаг байна.

Эх сурвалж: www.cleanawater.com.au

Хаха 2 6 Таалагдсан 8 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0